Binance биржээс $6.3 тэрбумыг хулгайлснаа Умард Солонгос няцаалаа

23

Умард Солонгосын эрх баригчид өнөөдөр өглөө тус улс Binance крипто биржээс $6.3 тэрбумыг хулгайлагдсан хэрэгт холбоотой гэх мэдээллийг няцаажээ.
Удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон энэхүү буруутгал нь АНУ-ын зүгээс Пёняны нэр хүндийг гутаах гэсэн "хорон санаат оролдлого" болохыг онцолсон байна.
АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо, Нууц Алба болон кибер аюулгүй байдлын шинжээчид түүхэнд гарсан хамгийн том хулгай гэгдэж буй уг хэргийг Умард Солонгосын удирддаг хакерууд үйлдсэн гэж үзэж байгаа юм.
Тухайлбал уг халдлагыг төрийн дэмжлэгтэй "TraderTraitor" хэмээх хакеруудын бүлэглэл үйлдсэн нь тогтоогдсоныг дээрх байгууллагуудын шинжээчид мэдээлсэн.
Холбооны Мөрдөх Товчоо салбарын түншүүддээ хандаж, дээрх бүлэглэлтэй холбоотой крипто данснуудаар хийгдэх гүйлгээг хаахад туслахыг уриалжээ.
Ким Ёо Жон мэдэгдэлдээ "АНУ дахин БНАСАУ-ыг энэ хэрэгт холбож, улиг болсон аргаар өдөөн хатгалаа" гэсэн байна.
Тэрбээр цааш нь "Дэлхийн өнцөг булан бүрд гарч буй бүх кибер гэмт хэргийг манай улс үйлдсэн мэтээр олон улсыг төөрөгдүүлж байгаа нь БНАСАУ-ын эсрэг чиглэсэн ноцтой улс төрийн өдөөн хатгалга юм" гэж мэдэгджээ.
Гэхдээ Пёняны дэглэм сүүлийн жилүүдэд дэлхий дахинд гарсан хэд хэдэн томоохон кибер халдлагад буруутгагдаж байсан ч тухай бүрд нь үгүйсгэсээр ирсэн юм.
Дээр нэр дурдсан "TraderTraitor" бүлэглэл 2025 онд Bybit крипто биржээс $1.5 тэрбумыг хулгайлсан хэрэгт (тухайн үедээ дээд амжилт тогтоосон хэмжээ) буруутгагдаж байв.
Олон улсын судалгааны байгууллагуудын мэдээлснээр Пёняны дэглэм кибер үйл ажиллагаагаа системтэйгээр хөгжүүлж, их сургуулиудаас авьяаслаг оюутнуудыг элсүүлж, тэднийг тус улсын тагнуулын байгууллагын хяналт дор ажилладаг хакеруудын бүлэгт илгээдэг байна.
Ийм бүлгүүдийн хулгайлсан мөнгийг олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээг давж, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд зориулдаг гэнэ.
Ким Ёо Жон мэдэгдэлдээ "цахим орон зайд гарч буй аливаа хорлонтой үйлдлийг эрс эсэргүүцэх нь БНАСАУ-ын засгийн газрын тууштай баримталдаг бодлого юм" гэжээ.
Binance компани өнгөрсөн долоо хоногийн сүүлээр халдлага гарснаас хойш халдлагын техникийн шинж чанар болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүддээ олон нийтэд мэдээлэхэд голлон анхаарч байгаа.
Урьдчилсан шалгалтын явцад нэгэн инженерийн зөөврийн компьютер халдлагад өртөж, халдагч этгээдүүдэд зөвшөөрөлгүйгээр хөрөнгө татан авах боломжийг олгосон нь тогтоогдсон байна.
Тус компани халдлагатай холбоотой бүх хохирлыг барагдуулахаа удаа дараа мэдэгдсэн бөгөөд одоогоор хулгайлагдсан хөрөнгийн 95 орчим хувийг нөхөн төлөөд байгаа ажээ.
 
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govialtai.nutag.mn