Санал худалдан авдаг улс төрчдийг “авлана”

0

УИХ-ын гишүүдийг сонгогдсон “эх үүс­вэр”ийнх нь хувьд “мөнгөний” ба өө­рийн чад­вар, туршлагаар хүлээн зөвшөөрөгдсөн гэж хоёр ангилж болно. Өөрөөр хэлбэл, гишүүн болохын тулд сонгогчдын саналыг худал­даж ав­даг, үүн­дээ гаршсан, гаршуулж яваа нэг хэ­сэг бий. Са­нал ху­­ далдан авах үйлдлийг ч дотор нь ху­вийн бо­лон төс­­ вийн мөнгөөр гэж ангилж болж байна.
Ямартай ч сонгууль бүрээр мөнгө, бэлэг сэлт та­рааж, элдэв үйлчилгээ үнэгүй үзүүлс­­ ний­хээ ха­риуд “нэрэлхүү” монголчуудын саналыг ху­дал­дан авдаг байдал үзэгдэл болчихжээ. Хэдий­гээр УИХ-ын сонгуулийн тухай хуулиар энэ бүхнийг хориглоод 10 гаруй жил өнгөрсөн ч үр дүн гар­сангүй. Мөнгө, бэлэг тарааж, энэ тухай­гаа ил тод ярьж буй улс төрчдийн бичлэг нийг­мийн сүл­жээнд сонгууль бүрээр л цацагддаг ч хуулийн байгууллага нь хариуцлага тоо­­ цож барсангүй өнөөдрийг хүргэв.
Сонгуулийн өмнөх жил гэлтгүй, Цагаан сарын баяраар ахмадуудад хэвийн боов, гарын бэлэг тараан “саймширдаг” улс төрч олон. Одоо яг ийм үе эхэлж байна. Энэ нь бас л нэг төрлийн зорилтот ажиллагаа болдог. Тэгвэл гишүүн Ж.Баярмаа Санал худалдан авахын эсрэг хуулийн төсөл санаачилсан байна. Хуулиас гээгдэж үлдсэн олон башир аргыг илрүүлэн хориглох, тооцох хариуцлагыг чангатгах том зорилгыг тэрбээр өвөртөлжээ.
ХУВИАСАА САНХҮҮЖҮҮЛЭГЧИД
2008 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт нэр дэвшсэн МАН-ын Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслах мөнгө тарааж буй бичлэг цацагдсан нь энэ төрлийн анхны бодит баримт байсан гэхэд болно. Нийгмийн сүлжээ, техник, технологи хөгжиж эхэлсэн нь нөлөөлсөн биз ээ. Гэвч энэ хэрэг эдгээр хүний туслах торгуулийн ял авч, “эзэд” нь УИХ-ын гишүүн болсноор төгссөн юм. Үүнээс хойш нэг л “дэвшил” гарсан. Сонгуулийн жил эхэлснээс санал хураалт дуусах хүртэлх хугацаанд бэлэг, эд зүйл тараах, үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг хориглох талаар хуульд тодруулж тусгав. Тиймээс сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд мөнгө тараах “тэнэг” илт цөөрсөн байна. Улс төрчид, сонгуульд өрсөлдөхөөр горилогчид 1-2 жилийн өмнөөс нэр дэвших хүсэлтэй, магадлалтай тойргоо эргэж, ахмадууд, хүүхдүүдэд нь бэлэг сэлт тараадаг болсон юм. Сонгуулийн жил гарахын өмнөх хэдэн сард “бэлгийн хур” буулгана. Нийслэл дэх гэр хороололтой дүүрэгт нэр дэвших хүмүүс бол өвлийн цагт нүүрс түгээнэ. 2015 оны үед элдэв аян санаачилж, нүүрс, хувцас тарааж “болдог” байж. УИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийнханд өөрийнхөө зургийг “сийлсэн” бидон тараасан түүх хуучраагүй л байна. Хуулийн “цоорхой” ашиглан хийж буй зорилтот ажлаа зарим нь нийгмийн сүлжээгээр сурталчилж, баримтжуулахыг яана.
2023 оны гуравдугаар сард тухайн үеийн УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахмадуудад дугтуйтай мөнгө тарааж буй бичлэг цацагдсан. Эл бичлэг одоо ч интернэтэд байна лээ. Сонгуулийн жил эхлэхээс өмнө мөнгө, бэлэг тараах сүүлийн боломж гэдгийг сануулан ярьж буй УИХ-ын гишүүн Ц.Тувааны бичлэгийг уншигчид үзсэн байх. Сүүлдээ энэ нь байдаг л зүйл болтол иргэдийг дөжрөөчхөж. Эдгээр нь улс төрчдийн хувиасаа санхүүжүүлж буй санал авах оролдлого юм. 
ТӨСВИЙН МӨНГӨӨР ХҮСЛЭЭ ГҮЙЦЭЛДҮҮЛДЭГ ЭРХ БАРИГЧИД
Үүнд эрх баригч намаас сонгогдож, УИХын гишүүн, сайд болчихсон хүмүүс хамаарна. Мөн нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид багтах нь мэдээж. Тэд өөрсдийн эрх ашигт нийцсэн, сонгогчдын саналыг татах зорилготой элдэв арга хэмжээгээ хууль тогтоомжийн хүрээнд албан ёсны шийдвэр болгодгоороо ялгаатай, илүү хортой.
2008 оноос өмнө улс төрийн намууд сонгуулиар элдэв бэлэн мөнгө тараах тухай шулуухан амлалт өгдөг байв. 2004 оноос ийм санаачилга эхэлсэн гэж үздэг аж. Тухайн үед Л.Гүндалай “Итгэлийн мөнгө” нэртэйгээр хүүхэд бүрд 3000 төгрөг олгох санал гаргаж, сонгуулийн дараа байгуулагдсан Эвслийн Засгийн газар үүнийг нь хэрэгжүүлсэн билээ. 2008 оны сонгуулиар МАН, АН-ынхан Эх орны хишиг, Эрдэнийн хувь амлаж, 1-1.5 сая төгрөг олгоно гэж байлаа. Улмаар тэд хамтарсан Засгийн газар байгуулаад иргэн бүрд 21 000, “Эх орны хишиг” сан байгуулж, 70 000 төгрөг гэх мэтээр тараасан. 2012 онд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн нийт хувьцааны 20 хувийг иргэн бүрд 1072 ширхгээр хуваарилан, ногдол ашиг өгч эхлэв. Баялгаас иргэн бүрд хүртээх тухай үе үеийн Засгийн газар ярьдаг, энэ бол халамж биш. Гэхдээ үүнийг сонгогчдоос оноо авах, санал татах зорилгоор ашиглаж, сонгуулийн өмнө голдуу тараасаар ирсэн нь нууц биш. Тэр болгонд эрх барьж буй нам оноо авдаг уламжлал тогтсон.
Төсвийн мөнгийг өөрсдөдөө ашигтайгаар зарцуулж, санал татдаг хамгийн сүүлийн жишээг дурдъя. 2024 оны дөрөвдүгээр сард буюу сонгуулийн өмнөхөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлэх тухай тогтоол баталж, малчдад баахан зээл олгосон. Энэ бол төсвийн мөнгөөр, хуулийн хүрээнд явуулж буй санал худалдан авах ажиллагаа мөн. Шадар сайд асан С.Амарсайхан 2025 оны наймдугаар сарын 14-нд “Одоогийн байдлаар нийт 10 048 шинэ хоршоо байгуулагдаж, 98 546 малчин хамрагджээ. Тэднээс 7647 хоршооны 24 372 малчин нийт 825 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд одоогоор 38.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлсөн байна” хэмээн бичиж байжээ. Одоо “Шинэ хоршоо” хөдөлгөөний үр дүнг нэхэж байгаа хүн ч алга.
Сонгууль дөхөхөөр УИХ-ын гишүүд, сайд нар үндсэн ажлаа орхичхоод, иргэдтэй уулзах, шагнал гардуулах ямар л боломж байна, тэр бүрийг ашиглахыг хүсдэг. 2023 оны өвөл зуд болоход улс төрчид тусламж ачсан цувааг тэргүүлэхийн төлөө бараг өрсөлдсөн. Бүгд шахам л зудтай аймгуудад ажиллаж, оноо авахыг хичээсэн. Хөгжилтэй олон ч зураг тухайн үедээ нийгмийн сүлжээгээр цацагдаж, шүүмжлэлд өртөж байлаа. Хууль баталж, санал худалдан авдгийн дэргэд энэ бол жижигхэн, бас “гэгээн” үйл хэрэг л дээ. Цагаан сар дөхөхтэй зэрэгцээд шилдэг, сайн малчин, тариаланч шалгаруулах ажил өрнөдөг. Тэр бүрд өнөөх хэдэн улс төрч медаль, шагнал гардуулахаар уралддаг үе одоо тохиож байна.
САНАЛ ХУДАЛДАН АВАХ НЬ СОНГУУЛИЙН АВЛИГА
УИХ-ын сонгуулийн тухай хуульд улс төрч­ дийн ашиглаж болох олон “цоорхой” бий. Энэ бүхнийг засах оролдлогыг гишүүн Ж.Баярмаа Сонгогчдын санал худалдан авахын эсрэг хуулийн төслөөрөө хийхийг зорьжээ. Одоогийн хуулиар санал худалдан авах оролдлого хийсэн нь тогтоогдсон нөхцөлд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг аж. Торгоод өнгөрнө л гэсэн үг. Бас хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сар. Гомдлыг нь шалгаад, тогтоож, хариуцлага тооцох гэсээр байтал өнөөх нэр дэвшигч нь хэдийн бүрэн эрхтэй УИХ-ын гишүүн болж, хуулийн хамгаалалтад орчихно. Мөн зөвхөн сонгуулийн жил эхэлснээс санал хурааж дуусах хүртэл бэлэг, мөнгө, үнэгүй үйлчилгээ санал болгохыг хориглосон. Тэгвэл дээрх гишүүний төсөлд улс төрчид бүхий л цаг хугацаанд сонгогчдод бэлэг, мөнгө өгөхийг хориглоно хэмээн тусгажээ. Мөн санал худалдан авах олон төрлийг аль болох илрүүлж, багтаан хориглохыг эрмэлзэж буй гэнэ.
Санал худалдан авах оролдлогыг бүх л цаг үед хориглох нь зөв гэдэг санаачилга бол шинэ биш. Өмнө нь Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа, 2023 онд гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар ийм агуулгатай санаачилга гаргаж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна хэмээн мэдэгдэж байв. Гэхдээ ажил болсонгүй. Учир нь улс төрчдөд үүнийг ажил хэрэг болгох, сонгуулийн дөрвөн жилийн циклийн турш бэлэг тараахгүй байх ухамсар алга. Гэхдээ Ж.Баярмаа гишүүний төсөлд нэг шинэ, дэвшилт санаачилга бий. Тэрбээр төсвийн мөнгөөр хууль, тогтоомжийн хүрээнд санал худалдан авах оролдлого хийдэг “Шинэ хоршоо” мэтийн хөтөлбөрийг ч хорих ёстой гэж үзжээ. Санал худалдан авч болох бүхий л төрөл, хэлбэрийг багтаахаар ажиллаж буй гэсэн. Эрх баригч намд л ийм мэдэл байх нь мэдээж. Энэ талаар тэрбээр “Хувь улс төрчдөөс гадна эрх баригч намынхан төрийн хүч, нөөц, хөрөнгө мөнгийг ашиглан далд санал худалдан авах ажиллагаа өрнүүлдэг. Тиймээс сонгуулийн жилд улс, орон нутгийн төсөв, төрийн компаниудын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь хүртээх, бэлэн мөнгө тараах, нэг салбарыг онцлон хөнгөлөлттэй зээл олгох, өр төлбөрийг хүчингүйд тооцох, иргэд, аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэхийг хориглохоор тусгасан” гэжээ. Мөн “Улс төрчид маш олон башир арга хэрэглэдэг. Тэр бүрийг тогтоох, илрүүлэх, хариуцлага тооцох нь амаргүй ажил юм байна. Тиймээс ч улс төрчид уг хуулийн төслийг барьж авдаггүй аж” хэмээн ярьжээ. Уг төслийг хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөсөн гэнэ.
Ямартай ч 126 гишүүнтэй парламентаас анхны зөв санаачилгыг дээрх гишүүн гаргасан байна. Гэвч хууль баталж, эрх ашгийнхаа төлөө төсвийн мөнгийг ашиглахад нь саад болсон хүмүүсийг эрх баригчид зүгээр хараад суухгүй байх. Тэдний өөрсдийнх нь эрх ашигт харшлах уг төслийг батлуулах ч амаргүй. Гэхдээ сөрөг хүчин 42 хүнтэй. Мөнгө тарааж, санал худалдаж авдгаараа гаршсан олон гишүүнтэй, хууль баталж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг эрх баригч намд сөрөг хүчин цохилт өгч чадна. Санал худалдан авдаг улс төрчдийг “авлах” эл хуулийн төслийг батлуулж чадвал чадварлаг, шударга нэр дэвшигчид ижил гараанаас өрсөлдөх боломж бүрдэнэ. Тиймээс зөвийн төлөө дуугарах, түүнийгээ ажил хэрэг болгох хүчтэй байхыг АН-ынхнаас шаардъя.

https://www.unuudur.mn/a/280100
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govialtai.nutag.mn