100 сая төгрөгийн хахууль авсан аймгийн удирдлагуудад ял оноожээ

Авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахтай холбоотой гурван хэрэгт шүүхээс ял шийтгэл оногдуулжээ.
Тодруулбал, аймгийн удирдлагууд нөхөн сэргээлтийн тендерт компанид давуу байдал олгохын тулд 100 сая төгрөгийн хахууль авсан, хорих ангийн нягтлан бодогч албан хаагчдын цалингаас 20.3 сая төгрөг завшсан, мөн төрийн өмчит компанийн удирдлагуудад 140 сая төгрөгийн хахууль өгсөн хэргүүдийг шүүх шийдвэрлэжээ.
Б… аймгийн Засаг дарга Г.Б, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О нар 2017 онд нөхөн сэргээлтийн тендерт “Э…” ХХК-ийг шалгаруулахаар амлаж, тус компанийн нягтлан бодогч З.Э-ээс 100 сая төгрөгийн хахууль авчээ. Улмаар тус компанитай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, эдийн засгийн давуу байдал бий болгосон байна.
Шүүхээс Г.Б-г нийтийн албанд ажиллах эрхийг найман жилээр хасаж, 31.8 сая төгрөгөөр торгох, Ц.О-г нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, 31.8 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Харин хахууль өгсөн З.Э-д зургаан сая төгрөгийн торгууль ногдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хассан байна. Мөн тендерт давуу байдал бий болгоход оролцсон Д.И, Д.С, С.М нарыг тус бүр 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасжээ. Хахуулийн 100 сая төгрөгийг Г.Б, Ц.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай хорих ангийн нягтлан бодогч Б.Т нь 2025 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд 59 албан хаагчийн цалингаас давхардсан тоогоор 27.8 сая төгрөг суутган авч, үүнээс 20.3 сая төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн завшжээ.
Прокуророос түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Б.Т-г гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, хоёр жилийн хугацаанд тухайн дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оноосон байна.
Д.Ү нь төрийн өмчит “Д…” ХХК-ийн удирдлагуудад төмрийн хүдэр худалдах гэрээ байгуулах, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг шуурхайлуулах зорилгоор 2024 онд хоёр удаа нийт 140 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогджээ. Шүүхээс Д.Ү-г гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.