Хөндөх сэдэв: Хүүхдийн эрүүл мэнд, амь наснаас үнэтэй зугаа цэнгэл!

24

Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгасан байдаг.
Гэсэн ч энэ долоо хоногт Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийн дор хаврын морин уралдааныг сэргээх асуудлыг нэр бүхий гишүүд санаачилж, УИХ-аар хэлэлцэхээр болов. Тэд хоригийн хэрэгжилт сул байгаа учраас өвөл, хаврын уралдааныг сэргээх хэрэгтэй гэх үндэслэлийг хэлж буй. Үндсэндээ төр хяналтаа сайжруулахын оронд хүүхдийн эсрэг хууль санаачлаад сууж байна.
Өвөл, хаврын морин уралдааныг сэргээнэ, сэргээхгүй гэх асуудалд иргэд хоёр л байр суурийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь өв уламжлалаа авч үлдэх, өвлүүлэх тухай ярьдаг бол нөгөө хэсэг нь хүүхдийн эрхийн тухай ярьдаг. Нэг ёсондоо санаачлагч тал өв уламжлалаа хадгалах гэсэндээ биш гэдгийг хүмүүс мэддэг болсон. Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан  эрх мэдэлтэй, бэл бэнчинтэй хүмүүсийн нааддаг тоглоом болсон гэхэд хилсдэхгүй. Үндсэндээ, тод манлай, алдарт уяачдын нэг хэсэг нь морины уяан дээр тоотой очсон, тэнд ямар ажил өрнөдөгийг мэдэхгүй. Тэдний халааснаас зөвхөн морь уяхад хэрэгцээт бүхий л зардал гардаг. Энд эрх баригчид болоод томоохон групп компаниудын эздийг хэлж байгааг тодотгох нь зүйтэй. Хууль санаачилсан 25 УИХ-ын гишүүний 15 хурдан удмын адуутай. Тэд хурдан удмын адуунд хөрөнгө мөнгө харамладаггүй. Машины дайтай авч үздэг. Одоогоос арваад жилийн өмнө нэр бүхий эрхэм хурдан удмын нэг адууг хагас тэрбумаар авч байсан гэдэг, одоо үнэ өссөн байх.
Гэхдээ жинхэнэ хүсэл сонирхлоороо, өв уламжлалаа хадгалж яваа хөх уяачид бий. Тэд л морин уралдааны үнэ цэнийг хадгалж яваа.
Орчин үед морь уяна гэдэг хөрөнгөтэй хүний хийдэг ажил болсон гэдгийг хөдөөгийнхөн ярьж буй. Учир нь морины тэжээл, эм тариа гээд шаардагдах зүйлүүдэд асар их хөрөнгө зарцуулдаг болсон.
Энэ өртгийг дийлэхгүй, үнэхээр морио уяж сэтгэлээ баясгаж, үнэн хөдөлмөрөө үнэлүүлье гэсэн ч хэтэвчнийх нь хэмжээ хүрэхгүй олон залуус хөдөөд бий.
Морины уралдаан бидэнд багадаагүй. Зунжин, намаржин улс, аймаг, сум, цолны найр, ургийн баяр гээд нааддаг нь худлаа биш. Бараг хүүхдийн үс авахад хүртэл морь уралдуулдаг болсон. Гэхдээ УИХ-ын гишүүд, хөрөнгө мөнгөтэй хүмүүс харамсалтай нь тэнд очиж нааддаггүй. Өвөл, хаврын морин уралдааныг хориглохоос өмнө Дүнжингарав уралдаан гэж Үндэсний их баяр наадмаас дутахааргүй томоохон уралдаан болдог байсан. 2019 оны уралдаанд өчнөөн хүүхдүүд мориноос унаж бэртэж, харанхуй шөнөөр зохион байгуулснаас үүдэж дээрх тогтоолыг гаргасан байдаг. Хаврын урь хангалтай ороогүй байхад хүүхдийг морь унаж уралдуулна гэдэг нь өөрөө хүүхдийн эрхийн хамгийн том зөрчил юм аа гэдгийг олон улсын байгууллагууд хэлдэг.
Сүүлийн таван жилд хурдан морины уралдааны үеэр 1,024 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд амь насаа алдсан байна.
Нэг талаасаа бидний уламжлалт өв соёл гэж харж болох ч нөгөө талаас хүүхдийн эрхийн томоохон асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сурч боловсрох эрхийг дэнчин тавьж байгаа хэрэг. Тухайлбал, амьжиргааны түвшин доогуур айл болон харгалзах хүн бүл муутай айлын хүүхдээр морио унуулдаг. Ажлын хөлс нь тодорхойгүй. Зунжин, намаржин морь унуулчихаад хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгөхөөс хэтэрдэггүй. Түрүү морины бай шагналаас хүүхдэд хэчнээн хувь нь очдог нь тодорхойгүй. Энэ мэтчилэн эрүүл, аюулгүй байдлаас гадна хөдөлмөрийн мөлжлөг давхар хөндөгдөнө. Мөн хүүхдийн амь нас хохирсон, гэмтэж бэртсэн асуудалд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Монголчуудын наадам, наргиан багадаагүй.
Хаврын уралдааныг сэргээ, өв соёл үгүй боллоо гэхээсээ урьтаж хүүхдийн эрүүл мэнд цаашлаад амь нас, аюулгүй байдал энэ бүгдэд анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Монгол Улсад маш олон хүчин зүйлээс шалтгаалж хүүхдийн эрх зөрчигддөг. Үүний нэг нь хурдан морины уралдаан. Жилд 600-750 хүүхэд мориноос унаж, бэртдэг гэсэн судалгаа бий. Хүн бүр өөрийн хүүхдээр морь унуулдаггүйг бид мэднэ. Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий гэсэн хандлага байж болохгүй. Нэг үеэ бодвол хамгаалах хувцас хэрэгслээс эхлээд ахицтай тал бий ч илүү засч сайжруулах, шинэчлэх, хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангах, дээрээс нь унаач хүүхдийн хөлс мөнгийг тодорхой болгож тэдний эрх ашиг, аюулгүй байдлыг хангах зэрэг шийдэх, анхаарах олон асуудал бий.
Хүүхдийн эрх ярихаар Монголынхоо өв соёлыг үгүйсгэлээ гэх хүмүүс цөөнгүй. Хурдан морины уралдааныг Монголын биет бус өв соёл гэдгийг баталж  ЮНЕСКО   бүртгэсэн. Хурдан морины уралдаан нь монгол ахуй, бусад ард түмнээс биднийг ялгаж байгаа нэг онцлог. Үүнтэй санал нийлнэ. Гэхдээ хурдан морь унаснаас  болж хүүхдийн эрх  зөрчигддөг, цаашлаад эд эрхтэн, амь насаараа хохирдог байдлыг өөрчлөх, уяачид, өв соёлоо хамгаалъя гэж дуугарч байгаа бол үүнтэйгээ зэрэгцүүлээд хүүхдийнхээ эрх, амь насыг яаж хамгаалах талаараа ч мөн дуугарах хэрэгтэй.

https://news.mn/r/2900418/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govialtai.nutag.mn